К.Харрис Вьетнамд айлчлах үеэрээ хүний эрхийн асуудлыг хөнджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-27 11:35:47

ВАШИНГТОН. /VOA/. "Вьетнам улсад стратегийн харилцаагаа бэхжүүлэх зорилгоор хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын эрх баригчидтай уулзаж, хүний эрхийн асуудлыг хөндөн хэлэлцлээ" гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис пүрэв гарагт мэдэгджээ.


Миний бие улс төрийн тэрс үзэлтнүүдийг суллах талаар голчлон хэлэлцсэн гэж К.Харрис Ханой хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн боловч үр дүнгийнх нь талаар мэдээлээгүй байна. Тэрбээр, “АНУ шаардлагатай тохиолдолд хүний эрхтэй холбоотой асуудлыг дэвшүүлэх ёстой” хэмээн хэлсэн байна.


Вьетнам нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж, чөлөөт хэвлэлийг хязгаарлаж, улс төрийн тэрс үзэлтнүүд хэмээн үздэг хүмүүсийг хавчиж шахдаг гэх олон улсын шүүмжлэлд өртсөөр ирсэн юм. “Бид хүндхэн яриа хэлэлцээ өрнүүлэхээс зайлсхийхгүй” гэж К.Харрис мэдэгджээ.


Түүнээс нэгэн сэтгүүлч, АНУ яагаад Вьетнамтай харилцаагаа бэхжүүлэхийг зорихын сацуу БНХАУ-ыг хүний эрхийн асуудалтай нь холбогдуулан шүүмжилж байгаа талаар асуухад шууд хариулаагүй байна. К.Харрис, “Хүндхэн яриаг ихэвчлэн түншүүдтэйгээ өрнүүлэх боломжтой байдаг. Бидний хувьд Вьетнамтай тийм харилцаатай шүү дээ” гэж хэлжээ.


АНУ-ын дэд Ерөнхийлөгч ийнхүү Вьетнамд айлчилснаар Зүүн Өмнөд Азид хийсэн долоо хоногийн хугацаатай айлчлал нь өндөрлөж байна. Тэрбээр мөн Сингапурын эрх баригчидтай уулзаж, бүс нутагт өсөн нэмэгдэж буй БНХАУ-ын нөлөөг сөрөн зогсох хүчин чармайлтын талаар хэлэлцсэн юм.


К.Харрисын мэдээлснээр, АНУ Сингапур, Вьетнамтай кибер батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэх тэргүүтэй олон тохиролцоонд хүрчээ. Мөн АНУ Вьетнамд “COVID-19”-ийн нэг сая тун вакциныг пүрэв гарагт нийлүүлснийг мэдэгдсэн байна. АНУ өмнө нь тус улсад таван сая тун вакцин хандивласан билээ.  

Связанные новости