ХКН-ын хөгжлийн үзэл баримтлал нь Хятадын ард түмэнд төдийгүй дэлхий дахинд үр өгөөжөө өгч байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-29 14:14:03

ВИНДХУК. /Xinhua/. Хятадын Коммунист Намын /ХКН/ “хүн төвтэй” хөгжлийн үзэл баримтлал нь Хятадын ард түмэнд төдийгүй дэлхий нийтэд үр өгөөжөө өгч байна гэж Намиби улсын анхны Ерөнхийлөгч Сэм Нуйома хэлжээ.


Сэм Нуйома нь ХКН-ын 100 жилийн ой болж буйтай холбогдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд баяр хүргээд, тус намын удирдлага дор Хятад улс гайхамшигтай ололт амжилтууд гаргасаар буйг сайшаан магтсан байна.


Өдгөө 92 настай, Намибийн ахмад улс төрч хэлэхдээ “БНХАУ бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг бөгөөд ХКН-ын зөв удирдлагын ачаар тус улс КОВИД-19 цар тахал болон ядуурлын эсрэг тэмцэлд гайхамшигтай амжилт гаргаж, нийгэм-эдийн засаг нь цэцэглэн хөгжиж байна” гэжээ.


КОВИД-19 тахлын тухай Нуйома ярихдаа “Энэ бол нийт хүн төрөлхтөнд тулгарч буй нийтлэг аюул заналхийлэл бөгөөд цар тахалд нэрвэгдсэн бусад улс оронд Хятад улс хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд ихээхэн тусламж дэмжлэг үзүүлж байна” гээд, Африкийн улс орнуудад цар тахлаас урьчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай зүйлсээр тусламж дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлсэн байна.


Цар тахалтай буй энэ хүнд хэцүү цаг үед дэлхий нийт эв санаагаараа нэгдмэл байх нь юу юунаас илүү чухал гэж тэрбээр онцлон тэмдэглээд “Дэлхийн хөгжлийн чиг хандлага болоод хүн төрөлхтний ирээдүйг харгалзан үзсэний үндсэн дээр Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах, олон улсын харилцааны шинэ хэлбэрийг хөгжүүлэх алсын харааг дэвшүүлсэн" гэжээ.


Тэрбээр цааш нь ярихдаа “Энэхүү алсын хараа нь шинэ эринд олон талт үзлийг хөхиүлэн дэмжих үзэл баримтлал, практик үйл ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлэлт, өргөн дэмжлэгийг хүлээсэн " гэсэн байна.


ХКН-ын удирдлага дор БНХАУ илүү гэрэлт ирээдүй рүү тэмүүлж, хүний нийгмийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлжээ.



 


Связанные новости