ХКН олон улс орны шийдэж чадаагүй асуудлуудыг шийдвэрлэж чадсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-28 11:14:35

МОСКВА. /Xinhua/. Олон улс орны олон зуун жилийн турш шийдэж чадаагүй байсан асуудлуудыг Хятадын Коммунист Нам (ХКН) шийдвэрлэж чадсан гэж Оросын "Шударга Орос - Үнэний төлөө" намын дарга Сергей Миронов хэлжээ.


БНХАУ-д айлчлах бүрдээ би шинэ ололт амжилт болоод өөрчлөлтүүдийг олж хардаг гэж Миранов саяхан Хятадын төрийн мэдлийн “Xinhua” мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө хэлээд “Үгээгүй ядуурлыг ялан дийлж чадсан нь тус улсын гаргасан хамгийн гайхамшигтай амжилтуудын нэг” гэж онцлон тэмдэглэсэн байна. 


"КОВИД-19" цар тахал дэгдээд буй энэ үед зөвхөн Хятад улсаас бусад бүх улс оронд ядуурал улам бүр газар авсаар байна гэж тэрбээр хэлжээ.


БНХАУ нь үгээгүй ядуурлыг үндсээр нь устгах зорилтод хүрч чадсанаа 2020 оны эцсээр дэлхий нийтэд зарласан билээ.

"Энэ нь дэлхий нийтэд гайхамшигтай үлгэр жишээ болсон. Энэ бол нийт хүн төрөлхтний хөгжилд Хятад улсын оруулсан хувь нэмэр юм" гэж Миранов хэлсэн байна. 


Тэрбээр цааш нь ярихдаа "ХКН засаглалын туршлагаа хуваалцахад бэлэн байгаад бид талархаж буй бөгөөд энэ туршлагыг нухацтай сонирхон судлах болно" гэжээ.


Хоёр намын хамтын ажиллагааны тухайд тэрбээр ярихдаа "Энэ цар тахлыг нэгмөсөн дараад авчихвал бид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж, шинэ үр дүнд хүрнэ гэж найдаж байна. ХКН-тай хамтран ажиллах нь бидний хувьд маш чухал" гэсэн байна.


Олон улсын харилцаанд Хятад улсын гүйцэтгэж буй үүргийг Миранов мөн сайшаагаад “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах нь амьдралд нийцсэн бөгөөд маш ирээдүйтэй санаачилга юм” гэв.


Түүний хэлсэнчлэн, коронавирус бол одоогоор дэлхий дахинд тулгараад байгаа цорын ганц аюул биш юм. Байгаль орчны асуудал, хүнсний хомсдол, өлсгөлөн, терроризм, кибер гэмт хэрэг болон хууль бус цагаачлал гэх мэт орчин цагийн эдгээр бүх асуудлыг нэг улс орон, тэр ч байтугай хамгийн хүчирхэг улс ч дангаараа шийдвэрлэх боломжгүй.


"Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орнууд хамтран ажиллах нь маш чухал. Энэ нь нийт хүн төрөлхтний ашиг сонирхолд нийцнэ" гэж тэрбээр хэлсэн байна. 


Связанные новости