Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Үндэсний номын санд зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Санкт-Петербург хотноо энэ сарын 2-нд очив.
Б.Батцэцэг сайд Оросын Үндэсний номын санд дэлгэж буй “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв. Нээлтийн ёслолд Оросын Үндэсний номын сангийн ерөнхий захирал В.Г.Гронский, ОХУ-ын ГХЯ-ны Санкт-Петербург хот дахь төлөөлөгчийн орлогч А.В.Олегович, Санкт-Петербургийн Их сургуулийн монгол судлалын тэнхимийн тэргүүлэх профессор В.Л.Успенский нар үг хэлэв.
Тус номын санд нэг сарын турш дэлгэх уг үзэсгэлэнд Монгол, Оросын харилцаа, ОХУ дахь монгол судлалын чиглэлээрх архивын баримт, ном, товхимол, уран зураг зэрэг үзмэр багтжээ. Оросын Үндэсний номын сангийн фондод монгол хэл дээрх 9000 орчим ном байдаг ажээ.
Б.Батцэцэг сайд тэргүүтэй төлөөлөгчид мөн өдрийн орой Санкт-Петербург хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын үйл ажиллагаатай танилцав.