Иран цөмийн гэрээний асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /IRNA/. Иран улс Австрийн нийслэл Вена хотод болж буй цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх гэрээг сэргээх хэлэлцээг эцсийн тохиролцоонд хүрэх хүртэл үргэлжлүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгджээ.
"Бид эцсийн шийдэлд хүрэх хүртэл Вена дахь хэлэлцээг үргэлжлүүлнэ" гэж Роухани онцлон хэлсэн байна.
Түүний хэлснээр, АНУ Вена дахь уулзалтын үеэр "хориг арга хэмжээгээ цуцлахад бэлэн байгаагаа хоёрдмол утгагүйгээр мэдэгджээ". Ираны эдийн засгийн янз бүрийн салбарт үйлдвэрлэлийн хэмжээ өсөж байгаа нь Иранд дээд зэргээр шахалт үзүүлэх Вашингтоны бодлого үр дүнгүй байгааг илтгэх хамгийн тод нотолгоо юм" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Эдгээр нөхцөл байдал нь "АНУ-ыг хориг арга хэмжээний бодлого нь бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн" гэж Ираны Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.
Иран болон тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээнд оролцогч талуудын /ОХУ, БНХАУ, Герман, Их Британи, Франц/ төлөөлөгчдийн Хамтарсан комиссын хурал Австрийн нийслэл хотод дөрөвдүгээр сард эхэлсэн юм.
Гэрээнд оролцогч орнуудын төлөөлөгчид АНУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байгаа бөгөөд Вена дахь Америкийн элч төлөөлөгч нар Ираны төлөөлөгчидтэй шууд яриа хэлэлцээ хийгээгүй байна.