Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-21 10:53:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (48.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Үүнд уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 1.6 (59.2 хувь) их наяд, боловсруулах салбарын үйлдвэрлэл 370.1 (38.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 45.9 (9.6 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 6.3 (14.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.


Нийт үйлдвэрлэл энэ оны 4 дүгээр сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 157.8 (9.4 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 96.3 (8.3 хувь) тэрбум, боловсруулах салбарын үйлдвэрлэл 50.8 (13.5 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны 4 дүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 446.6 (72.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нүүрс олборлолт 171.3 (3.5 дахин) тэрбум, газрын тос олборлолт 74.2 (15.9 дахин) тэрбум, металлын хүдэр олборлолт 228.9 (46.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв.


Уул уурхай, олборлох салбарт 2021 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр алт, зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр, хүрэн нүүрс, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиас 3.6 дахин, боловсруулах салбарт катодын зэс, 99 хувь, согтууруулах ундаа, гурил, шингэн сүү, самнасан ноолуур, цемент, нүүрсэн шахмал түлш, малын мах, баяжуулсан нүүр, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.4 хувиас 9.8 дахин өссөн байна.


Харин боловсруулах салбарт шохой, ус, ундаа, жүүс, амны хаалт, амны хаалт, спирт, металл бэлдэц, гар ариутгагч, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1-60.6 хувиар багасав. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнэнэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.5 (81.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлох салбарын борлуулалт 3.1 (2.2 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Уул уурхай, олборлох салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 3.1 (2.2 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 1.8 (2 дахин) их наяд, нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.1 (2.9 дахин) их наяд, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 228.8 (5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөллөө.


Нийт борлуулсан бүтээгдэхүүний 5.3 их наяд төгрөг буюу 67.2 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний 4.8 их наяд төгрөг буюу 91 хувийг уул уурхай, олборлох салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Эдгээрийн 62.3 хувийг металлын хүдэр олборлолтын, 30.2 хувийг нүүрс олборлолтын, 5.9 хувийг газрын тос олборлолтын, 1.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.


Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2021 оны 4 дүгээр сард 170.8 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 79.4 хувиар, өмнөх оны эцсийнхээс 24.3 хувиар нэмэгджээ.

Связанные новости