Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 4.9 их наяд төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-19 14:34:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.9 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 4.4 их наяд төгрөг байна.


Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 91.6 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 0.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 153 (23.8 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 4 дүгээр сард 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 816.7 (81.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (3 дахин) их наяд төгрөгөөр өсөж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.2 (2.2 дахин) их наяд, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (2.3 дахин) их наяд төгрөгөөр өслөө. 


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 3 дугаар сард 16.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бол 4 дүгээр сард 394.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 26.7 (7.3 хувь) тэрбум төгрөг өөр нэмэгдэв.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 78 хувийг татварын орлого, 13.6 хувийг татварын бус орлого, 5.3 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.1 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс татварын бус орлогын эзлэх хувь 5.8, тогтворжуулалтын сангийн орлого 2.9 пунктээр өсөж, татварын орлого 7.6, ирээдүйн өв сангийн орлого 1.1 пунктээр багассан аж.


Татварын нийт орлого энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (54.3 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 794.7 (2.2 дахин) тэрбум, НӨАТ 241.5 (44.7 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 136.6 (68.9 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 55.7 (26.9 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 48.7 (8.6 хувь) тэрбум, орлогын албан татвар 47 (22.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Татварын нийт орлого 2021 оны 4 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 459.4 (49.7 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 643.7 (4.6 дахин) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 75.8 (96.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.

Харин НӨАТ 146.9 (53.1 хувь) тэрбум, орлогын албан татварын орлого 41.9 (46.6 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 24.4 (13.4 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 26.9 (31.5 хувь) тэрбум, хөрөнгийн албан татварын орлого 19.7 (66.5 хувь ) тэрбум төгрөгөөр багасжээ. 

Татварын орлогод энэ оны эхний 4 сарын байдлаар орлогын албан татвар 39, НӨАТ 20.6, нийгмийн даатгалын орлого 16.2, бусад татвар 10.4, онцгой албан татвар 6.9, гадаад үйл ажиллагааны орлого 6.9 хувийг эзэлж байна. Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 11.2, бусад татварынх 0.4 пунктээр өсөж, нийгмийн даатгалын орлогын эзлэх хувь 6.9, онцгой албан татварынх 1.8, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.5, нэмэгдсэн өртгийн албан татварынх 1.4 пунктээр багассан байна.


Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 4 сарын байдлаар 4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (48.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (48.2 хувь) их наяд төгрөг, хөрөнгийн зардал 169.5 (44.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 4 дүгээр сард 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.2 (24.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд нэг удаагийн тэтгэмж, урамшуулалын зардал 1 ( 54.0 дахин) тэрбум төгрөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Урсгал зардалд урсгал шилжүүлэг 63.7, бараа үйлчилгээний зардал 28.3, хүүгийн зардал 5.5, татаас 2.5 хувийг эзэлж байна.


Хөрөнгийн зардалд оны эхний 4 сарын байдлаар 551.4 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 169.5 (44.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хөрөнгийн зардалд 4 дүгээр сард 248.9 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх сарынхаас 157.9 (73.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд бусад хөрөнгийн зардал 124.4 (2.7 дахин) тэрбум, барилга, байгууламжийн зардал 35.8 (14.5 хувь) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 16.6 (48.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, их засварын зардал 4.1 (25.3 хувь) тэрбум, стратегийн нөөц хөрөнгийн зардал 3.2 (26.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардал 51.3, бусад хөрөнгийн зардал 35.7, тоног төхөөрөмжийн зардал 9.2, их засварын зардал 2.2, стратегийн нөөц хөрөнгийн зардал 1.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь 16.7, тоног төхөөрөмжийн зардлын эзлэх хувь 0.3 пунктээр өсөж, барилга байгууламжийн зардлынх 13.3, их засварын зардлынх 2.1, стратегийн нөөц хөрөнгийн зардлынх 1.6 пунктээр багасжээ. 

Связанные новости