Н.Модигийн нам Баруун Бенгаль мужид ялагдал хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-05-03 13:30:42

ЛОНДОН. /BBC/. Энэтхэгт “COVID-19” халдварын үзүүлэлтүүд огцом нэмэгдэж буй үед явуулсан орон нутгийн сонгуульд Ерөнхий сайд Нарендра Модигийн нам гол мужуудын нэг болох Баруун Бенгальд ялагдал хүлээжээ.


Эрх баригч “BJP” нам Баруун Бенгальд сонгуулийн кампанит ажлаа идэвхтэй явуулсан боловч тус мужийн одоогийн тэргүүн сайд бөгөөд Н.Модиг хүчтэй шүүмжлэгч Мамата Банержигийн нам дийлэнх олонхын суудал аваад байна. Ингэснээр тэрбээр тэргүүн сайдаар гурав дахь удаагаа улиран сонгогдох магадлалтай байна.


Мөн Ассам, Тамилнад, Керала муж болон Пудучерри бүсэд санал хураалт явагджээ. Эрх баригч намын хувьд зүүн хойд нутгийн Ассам мужид эрх мэдлээ хадгалаад байгаа боловч сонгууль явуулсан бусад мужид олонхын суудал авах төлөвгүй байгаа ажээ.


Энэтхэгт өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн 10 хоног дараалан 300 мянга даваад байна. Түүнчлэн ням гарагт 3689 хүн халдварын улмаас нас барсан нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Эдгээрээс үүдэн эмнэлгүүдэд ор, хүчилтөрөгч хомсдох болоод байгаа юм.


Мөн халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсонд сонгуулийн кампанит ажил, санал хураалт нөлөөлсөн гэх мэдээлэл ч гараад байна. Тухайлбал, Н.Моди болон түүний намын гишүүд Баруун Бенгальд олныг хамарсан үйл ажиллагаа олон удаа зохион байгуулсан нь цар тахлаас илүү сонгуульд анхаарч байна гэсэн шүүмжлэл дагуулжээ. 

Связанные новости