Ж.Байден Конгрессын танхимд үг хэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-28 11:25:56

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт анх удаа Конгрессын Сенат, Төлөөлөгчдийн танхимын хамтарсан хуралдаанд үг хэлнэ.


Халдварт өвчний тархалтын улмаас аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, хатуу хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор хуралдаанд оролцогчдын тоог 10 дахин багасгажээ. Ж.Байден АНУ-ын Зүүн эргийн цагаар 21:00 цагт үг хэлэх аж.


Уламжлал ёсоор төрийн тэргүүнүүд “Улс орны нөхцөл байдлын тухай” илтгэлийг Конгресст тавьдаг. Харин Ж.Байдены хувьд дөнгөж 1 дүгээр сарын 20-нд үүрэгт ажилдаа орсон тул өнгөрсөн оны ажлын үр дүнг танилцуулсан бүрэн хэмжээний илтгэлийг тавихгүй юм.


Дүрмийн дагуу төрийн тэргүүн улс орны нөхцөл байдлын талаарх хэтийн төлөв, дотоод болон гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор хууль тогтоогч, энгийн ард иргэдэд хандан илтгэлээ тавьдаг. Илтгэлийн үндсэн хэсгийг үндэсний телевизийн шууд эфирээр дамжуулахаас гадна Цагаан ордны цахим хуудаст нийтлэх аж.


Хоосон шахуу танхимд зогсож үг хэлнэ

Үндэсний гвардын цэргүүдийн хамгаалж буй Капитолын хамгаалалтын аюулгүй байдлын түвшнийг дээшлүүлсэн хэвээр байна. Нэгдүгээр сарын 6-нд Дональд Трампыг дэмжигчид Конгрессын байранд нэвтрэн орсноос хойш хамгаалалтыг чангатгасан юм. Ордны цагдаа нар мэдэгдэхдээ, Ж.Байден үг хэлэхээс хоёр цагийн өмнө Конгрессын байртай ойролцоох гудамжнуудыг хаана гэжээ.


Түүнчлэн цар тахлын хязгаарлалттай холбогдуулан Төлөөлөгчдийн танхимын хуралдааны танхимд хүрэлцэн ирэх хүний тоог огцом бууруулах аж. Уламжлал ёсоор хуралдаанд бүх хууль тогтоогч, Дээд шүүхийн гишүүд, цэргийн дээд удирдагчид уригддаг. Харин энэ удаад Конгресс болон сенатын бүх гишүүн илтгэлд хүрэлцэн ирэх боломжгүй юм.

Илтгэлийн үеэр хөндөгдөх сэдвүүд

Шинжээчдийн үзэж буйгаар, ерөнхийлөгч чинээлэг иргэдийн төлөх татварыг нэмэгдүүлэх тухайгаа ярьж магадгүй байна. Түүнчлэн дэд бүтцийн шинэчлэл, уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцэл, Мексиктэй залгаа хил дэх цагаачлалын хямрал зэрэг сэдвийг хөндөх аж.


Харин гадаад бодлогын асуудалд ОХУ, АНУ-ын харилцааны хурцадмал байдал, Хятадтай холбоотой нөхцөл байдал, Афганистанаас цэргүүдээ бүрэн гаргах асуудлыг хөндөж магадгүй байна.

Связанные новости