Өндөр гэгээн Занабазар "Өөрийн хөрөг"
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй “Өөрийн хөрөг” зургийг толилуулж байна.
Анхдугаар богд Жэбзүндамба хутагт Өндөр гэгээн Занабазар
(1635-1723) нь Монголын бурхны шашны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг
төдийгүй улс төр, түүх, нийгэм соёлын амьдралд тод ул мөрөө үлдээж, Монголын
болон дэлхийн урлагийн түүхэнд цоо шинэ хуудас нээсэн түүхэн хүн юм.
Тэрбээр одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Усан зүйлийн
голын Тав хэмээх газар 1635
онд төржээ. Занабазар нь хүүхэд ахуй наснаас авьяастай нэгэн байсан ба гурван
насандаа Манзушири бурхны эртний судруудын нэг болох "Манзуширийн алдрыг
өгүүлэхүй" судрыг цээжээрээ уншиж чаддаг байсан гэдэг. Занабазар бээр 1649
онд Төвөдөд одож, тэндээс Банчэн Богд, Далай лам тэргүүтнээс чухаг гол эрдэмд
суралцаж, олон зүйлийн ван жинан хүртсэн хэмээн Халхын Зая Бандида
Лувсанпэрэнлэй бээр анхлан намтрыг нь бичихдээ тодорхой өгүүлсэн байдаг.
Энэхүү зурагт Өндөр гэгээнийг гол дунд нь бурханчилсан байдлаар
бүтээжээ. Өндөр гэгээн Занабазарыг зохиомжийн гол төвд лам хувцастай ажирч,
авьяасын увдис бүхий уран гартаа судар ном барьсан байдалтай сууж байгаагаар
дүрслэх, зохиомжийн хоёр талд өөрийнх нь багш Банчэн богд, Далай лам хоёрыг
зурсан харагдана.
"Өөрийн хөрөг" гэсэн нэртэй энэхүү зурагт гол шүтээний нэг Цагаан Дэмчиг бурхан Өндөр гэгээний зулай дээр нь залраад, хоёр талаар нь урлагийн тэнгэр Янжинлхамыг байрлуулсан нь түүнийг урлагийн их зүтгэлтэн байсныг бэлгэдсэн дүрслэл ажээ.
Жэбзүндамба хутагтуудын хөрөг зургийн уламжлал
нь Анхдугаар Богд Өндөр гэгээний үеэс үүсэн гарсан уламжлалтай агаад эдүгээ
энэхүү хөрөг нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж
байна.