Юрий Гагарины нислэгийн талаар хийсэн гадаадын улстөрчдийн мэдэгдлээс

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-12 16:54:10

МОСКВА. /TASS/. Өнөөдөр сансарт хүн анх ниссэний 60 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ нислэгийг Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Гагарин "Восток" хөлгөөр үйлдсэн юм.  Энэхүү үйл явдлын талаар тухайн үеийн гадаадын улстөрчид болон бусад алдартай хүмүүсийн хийсэн мэдэгдлийг ТАСС агентлаг түүвэрлэн бэлтгэжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди (1961-1963)

“Энэ бол шинжлэх ухааны хамгийн гайхамшигтай ололт бөгөөд бид бүгд хүн төрөлхтний нэг хэсгийн хувиар энэхүү гайхалтай үйлсэд оролцсон оросуудаар маш их бахархаж байгаа гэж бодож байна. Би ноён Хрущевт баярын цахилгаан илгээж, энэ нислэгийг үйлдсэн хүнд баяр хүргэсэн. Хүн анх сансарт ниссэн энэхүү үйл явдал нь ардчилсан чөлөөт ертөнц суларч буйн шинж тэмдэг гэж би үзэхгүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд коммунист блокт үйлчлэх хүн хүч, нөөцийг бүрэн дайчлах болсон нь бидний хувьд томоохон аюулын эх үүсвэр гэж үзэж байна. Энэ зууны үлдсэн жилүүдийн ихэнхийг бид ийм аюулын дунд өнгөрөөхөөс аргагүй гэдгийг хэлмээр байна. Бид Зөвлөлт Холбоот Улсаас хоцорч байгаа бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодож байна" (1961 оны дөрөвдүгээр сарын 12. АНУ-ын Вашингтон хот дахь Төрийн департаментын байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр)


Францын Ерөнхийлөгч Шарль де Голль (1959-1969)

"Зөвлөлтийн эрдэмтэд, сансрын нисэгчдийн амжилт бол Европ болон хүн төрөлхтөнд үзүүлж буй хүндэтгэл юм. Тэдэнд хүндэтгэл үзүүлж, халуун баяр хүргэхдээ баяртай байна" (1961 оны дөрөвдүгээр сарын 12, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Никита Хрущевт илгээсэн баярын цахилгаан).


Их Британийн Ерөнхий сайд Гарольд Макмиллан, (1957-1963)

“Их Британийн Засгийн газрын өмнөөс танай эрдэмтэд, техникчид, сансрын нисэгчдийн агуу том амжилтад халуун баяр илгээж байна. Энэ бол түүхэн үйл явдал юм. (1961 оны дөрөвдүгээр сарын 12, Никита Хрущевт илгээсэн баярын цахилгаан)


Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру, (1947-1964)

"Энэ бол хүн төрөлхтний жинхэнэ ялалт юм. Ийм боломжийг олгосон гарамгай эрдэмтэд болон сансарт анх гарч, эх дэлхийдээ эсэн мэнд эргэж ирсэн хошууч Юрий Алексеевич Гагаринд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэхүү ялалтыг энх тайвны үйлсийн ялалт гэж үзэх хэрэгтэй бөгөөд бидний жижигхэн дэлхий дээрх утга учиргүй дайны талаар урьд өмнөхөөсөө ч илүү ихийг бодоход хүргэх ёстой. Дэлхийн бөмбөрцөг дээр дайтах тухай бүх бодлоосоо татгалзаж, хүн төрөлхтний тусын тулд энхийн зорилгоор шинжлэх ухааны ололт амжилтад хүрцгээе. (1961 оны дөрөвдүгээр сарын 13, ТАСС агентлагт өгсөн ярилцлага)


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Жоу Эньлай (1949-1976)

“Сансар огторгуйг эзэмшихэд оруулсан ЗХУ-ын шинжлэх ухааны агуу их хувь нэмэр нь социалист системийн зүйрлэшгүй давуу талыг дахин маргаангүй харуулж, Хятадын ард түмэн болоод бусад бүх социалист орнуудын ард түмнүүдийн социализм, коммунизм байгуулах итгэлийг үлэмж нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэлхийн бөмбөрцгийн ард түмнийг империализмын түрэмгийллийн эсрэг, дэлхийн энх тайвны төлөө, үндэсний тусгаар тогтнол, ардчилал, социализмын төлөө тэмцэх урам зориг өгөв" (1961 оны дөрөвдүгээр сарын 12, Никита Хрущевт илгээсэн баярын цахилгаан)


БНАСАУ-ын дарга Ким Ир Сен, (1948-1972)

"Зөвлөлтийн шинжлэх ухаан, технологийн салбарт хүрсэн эдгээр томоохон амжилт нь Зөвлөлтийн ард түмний ялалт төдийгүй социалист лагерийн ялалт, социализм ба коммунизмын ялгуусан амжилтын бэлгэдэл юм. (1961 оны дөрөвдүгээр сарын 15,  Никита Хрущевт хаягласан баярын цахилгаан)


Финландын Ерөнхийлөгч Урхо Кекконен, (1956-1981)

“Сансрын орон зайд анх хүн нисгэсэн Зөвлөлтийн шинжлэх ухааны агуу амжилтад хүргэж буй миний чин сэтгэлийн мэндчилгээг хүлээн авна уу. Финландын ард түмэн хүн төрөлхтний түүхэнд шинэ эрин үеийг нээж буй энэхүү үнэхээр гайхамшигтай үйл явдлын баяр хөөрийг Зөвлөлтийн ард түмэнтэй хуваалцаж байна” (1961 оны дөрөвдүгээр сарын 13, Никита Хрущевт илгээсэн баярын цахилгаан)


NASA-гийн тэргүүн Жеймс Уэбб (1961-1968)

“Энэ бол маш том ололт гэж бодож байна ... Зөвлөлтийн эрдэмтэд энэхүү туршилтын үр дүнд олж авсан мэдээллээ шинжлэх ухааны нийгэмлэгтэй хуваалцана гэж найдаж байна" (1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Australian Associated Press-Reuter агентлагт өгсөн ярилцлага)


1969 онд Саран дээр хөл тавьсан анхны хүн болох Нил Армстронг

"Юрий Гагарин бид бүгдийг сансарт дуудсан" (1970 оны зургаадугаар сарын 1, Москвагийн ойролцоох Оддын хотхоны Гагарины музейд)


Жүжигчин Чарли Чаплин

“Баяр хүргэе. Энэхүү гайхамшигтай, урам зориг хайрласан амжилт нь хүмүүсийн оюун санааны хөгжил дэвшил, хүмүүс хоорондын харилцааг шинэчлэхэд хүргэх ёстой. Энэхүү амжилт нь орчин үеийн ертөнцөд хуучирсан дайн, хүчирхийллийн харанхуй үеийг эцэслэх ёстой. Шинжлэх ухаан хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө урагшлах болтугай. Шинжлэх ухааныг нураан сүйтгэх зорилгод хэзээ ч бүү ашиглаасай. Дэлхийн энх тайвны төлөө үргэлж та бүхэнтэй хамт" (1961 оны дөрөвдүгээр сарын 13, Комсомольская правда "сонинд ирүүлсэн баярын цахилгаан)


Хүүхдийн зохиолч, сэтгүүлч Жанни Родари

“Гайхамшигтай амжилтад тань баяр хүргэе. Би өөрөө Гагарины халаасанд байгаа юм шиг маш их баяртай байна. ЗХУ-ын агуу ялалт намайг аз жаргалаар дүүргэж байна. Энэ нислэгийг хийх боломжтой болгохын төлөө ажиллаж, зовж шаналж байсан өнгөрсөн үеийнхэнд талархаж байна. Хүн бол үнэхээр өөрийн гар, хөдөлмөр, оюун ухаан, хүсэл зоригийнхоо бүтээл юм. Тавдугаар сарын 1-ний баяр хэчнээн гайхамшигтай болох бол, энэ хавар бүх ард түмэнд ямар гайхамшигтай байх бол! бидний хувьд ямар том найдвар цэцэглэх бол!" (1961 оны дөрөвдүгээр сарын 13, Комсомольская правда "сонинд ирүүлсэн баярын цахилгаан)

Связанные новости