Мадуро вакцины төлбөрийг нефтиэр хийхийг санал болгов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАРАКАС. /TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро коронавирусний вакцин үйлдвэрлэгч орнуудад нефть экспортлох замаар вакцин нийлүүлсний төлбөрийг төлөх боломжтой гэж мэдэгджээ.
“Венесуэлд нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд, нефтийг нь худалдаж авдаг үйлчлүүлэгчид бий. Манай улсад шаардлагатай байгаа вакциныг худалдан авахын тулд бүтээгдэхүүнийхээ зарим хэсгийг хуваарилна. Өөрөөр хэлбэл вакциныг нефтиэр солино” гэж тэрбээр ням гарагт “Venezolana de Television” телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр мэдэгдсэн байна.
Албан ёсны мэдээллээр, Венесуэлд коронавирусний халдвар авсан хүний тоо 156 мянга давж, 1555 хүн нас баржээ.
Гадаадын банкууд дахь Венесуэлийн дансанд 7 тэрбум орчим ам.доллар байгаа бөгөөд эрх баригчид энэ мөнгөний заримыг вакцин худалдан авахад зориулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын гүйцэтгэх дэд Ерөнхийлөгч Дельси Родригес өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдээлсэн байна. Гэвч түүний хэлснээр, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог ерөнхийлөгчийн хувиар хүлээн зөвшөөрсөн улсуудын банкууд мөнгөө буцааж авах хүсэлтэд нь “Засгийн газраас өгсөн зааварт үндэслэн" татгалзсан хариу өгчээ.