Түлэнхийн төв энэ оны эхний хагаст ашиглалтад орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Кувейт улсын Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзаж, Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ноднин хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг онцолж, энэхүү найрсаг харилцааг улам бүр бататган бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Улмаар Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн ач холбогдлыг тэмдэглэж, Түлэнхийн төвийн төслийг энэ оны эхний хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг мэдээллээ.
Элчин сайд Мухаммед Аль-Мутайри Сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, Гадаад хэргийн сайдынхаа мэндчилгээг уламжлаад хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, хоёр тал аялал жуулчлал, агаарын харилцааны салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж, энэ чиглэлээрх гэрээ хэлэлцээрийг байгуулахын чухлыг тэмдэглэв.
Мөн талууд КОВИД-19 цар тахлын үеийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд Б.Батцэцэг Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний вакцинуудаа оруулж ирснийг мэдээлж, Кувейт Улсын Засгийн газар тус хөтөлбөрийн хандивлагчаар оролцож байгаад баяр хүргэж, талархал илэрхийлэв.