“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-23 13:00:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-гээс зохион байгуулдаг “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны нээлтийг Монгол Улсад зохион байгууллаа.


Аяны үеэр “Мөнгөө хэрхэн удирдах вэ”, “Хувь хүний санхүү ба өрхийн төсөв”, “Зардал ба хуримтлал”, “Цахим мөнгө” зэрэг сургалт хийж олон нийтэд мэдээлэл өгнө. “Суралц-Хуримтлуул-Өсгө” уриатай аян нь хүүхэд, залуусын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, гэр бүл, нийгэмд мэдлэгээ хуваалцах үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой юм.


Аяныг Монголбанк, БШУЯ, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын Банкны Холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Насан туршийн боловсролын үндэсний төв, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан болон арилжааны банкууд хамтран энэ сарын 22-ноос 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл зохион байгуулна.


Аяны нээлтэд оролцогчид “Монгол Улс дахь санхүүгийн боловсролын өнөөгийн байдал ба цаашдын хандлага” сэдвээр хэлэлцүүлэг хийв.

"Монголбанк бусад байгууллагатай хамтран олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Төв банк санхүүгийн боловсрол олгох бодлогыг 2013 оноос Төрөөс мөнгөний бодлогын баримт бичигт тусгаж ирсэн"-ийг хэлэлцүүлгийн нээж хэлсэн үгэндээ Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван дурдсан юм.


Тэрбээр иргэд гэнэтийн хэрэгцээндээ зориулж хуримтлал үүсгэх, зардлаа хэмнэх, санхүүгийн луйвраас өөрийгөө, өрх гэрээ хамгаалах, гэнэтийн нөхцөлд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгох, тохиромжтой хөрөнгө оруулалт хийх гэх мэт хэрэгцээ, шаардлага үүссэн үед энэ аяныг Монгол Улс даяар өрнүүлэх болсонд сайшаалтай хандаж буйгаа илэрхийллээ.

 

Связанные новости