АНУ Палестинтай харилцаагаа шинээр эхлүүлэх төлөвлөгөө боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-18 14:04:37

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Палестинтай харилцаагаа шинээр эхлүүлэхэд чиглэсэн төлөвлөгөө боловсруулж байна гэж “Reuters” агентлаг энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудын мэдээллээс эш татан уламжилжээ.


Өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын үед АНУ Палестинтай харилцаагаа үндсэндээ тасалсан байсан юм.


Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, уг төлөвлөгөө боловсруулалтын эхний шатандаа байгаа аж. Энэ бол зөвхөн өөрчлөлт оруулж магадгүй урьдчилсан төсөл гэж эх сурвалжуудын нэг мэдэгджээ.


Гэсэн хэдий ч уг төлөвлөгөө өмнөх засаг захиргааны зарим чиг шугамаас татгалзахад чиглэсэн ирээдүйн бодлогын үндэс суурь болж магадгүй байна. Палестины тал Трампын үед баримталж байсан бодлогыг нэг талыг барьсан, зөвхөн Израилын ашиг сонирхлыг харгалзсан гэж үздэг билээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өмнө нь мэдэгдэхдээ, Америкийн шинэ засаг захиргаа бие даасан Палестин улсыг байгуулж, Израилтай энх тайвнаар зэрэгцэн оршуулах замаар Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг шийдвэрлэхийг дэмжиж байна гэсэн юм. Гэхдээ түүний хэлснээр, Байдены засаг захиргаа Иерусалим дахь АНУ-ын Элчин сайдын яамыг хэвээр үлдээж, мөн энэ хотыг Израилын нийслэлээр хүлээн зөвшөөрөх бодлогыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Связанные новости