Их Британи Сирийн албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Ukrinform/. Их Британийн эрх баригчид Сирийн өндөр албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авснаа даваа гарагт мэдэгджээ.
"Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм, түүний дотор Асадын ойрын холбоотнуудыг гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэсэн тодорхой дохио өгөх үүднээс шинэ хориг арга хэмжээ авлаа" гэж тус улсын Засгийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.
Хориг арга хэмжээнд Сирийн Гадаад хэргийн сайд Файсал Микдад, Асадын зөвлөх Луна аш-Шибл, Бүгд найрамдах гвардийн командлагч Малик Алиа зэрэг зургаан өндөр албан тушаалтан өртсөн байна. Тэдэнд визийн хориг тавьж, Их Британийн нутаг дэвсгэр дэх хөрөнгийг нь битүүмжилжээ.
Эдгээр хориг арга хэмжээ нь "Их Британи Европын Холбооноос гарсны дараа Сирийн удирдлагад авч буй анхны хориг арга хэмжээ болохыг" онцлон тэмдэглэсэн байна.
Сирид дайн эхэлснээс хойш 10 жил өнгөрч буйг тохиолдуулан Их Британи шинэ хориг арга хэмжээ авчээ.