Японы компани шинэ үеийн байлдааны нисэх онгоц бүтээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Японы “Mitsubishi Heavy Industries” корпорац шинэ үеийн байлдааны нисэх онгоц бүтээх мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлжээ.
“NHK” телевизээр мэдээлж буйгаар, шинэ нисэх онгоц нь 2030-аад оны үед одоогийн олон талын зориулалттай сөнөөгч-бөмбөгдөгч F-2 онгоцыг орлох ёстой байна.
Бүрэлдэхүүнийг нь 500 болгож өргөжүүлэхээр төлөвлөж байгаа баг 2027 он гэхэд нисэх онгоцны загварыг гаргаж, туршилтын нислэгийг эхлүүлэхээр тооцож байгаа бол байлдааны шинэ онгоцыг 2031 он гэхэд олноор нь үйлдвэрлэж эхлэх аж. Багийн бүрэлдэхүүнд “Mitsubishi Heavy Industries” корпорацын мэргэжилтнүүд, хөдөлгүүр, радар бүтээх чиглэлээр мэргэшсэн Японы хэд хэдэн компанийн төлөөлөгчид багтжээ.
"Mitsubishi Heavy Industries" компанийн бүтээсэн сөнөөгч-бөмбөгдөгч F-2 онгоц нь Америкийн сөнөөгч-бөмбөгдөгч F-16 онгоцны шинэчлэн сайжруулсан хувилбар бөгөөд 2000 онд Японы Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд хүлээн авчээ. F-2 загварын нийт 98 нисэх онгоцыг “Mitsubishi Heavy Industries” болон “Lockheed Martin” компанийн хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэсэн байна. Шинэ нисэх онгоц бүтээх явцад Японы компаниуд Америкийн “Lockheed Martin”-тай мөн хамтарч ажиллана гэж таамаглаж байгаа боловч төслийн толгойд Японы компаниуд байна гэдгийг онцолж байна. Энэхүү төслийн зардал 1 их наяд 5 тэрбум иен буюу 14 тэрбум ам.доллароос давж магадгүй гэж Японы хэвлэлүүд өмнө нь мэдээлжээ.