Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) чуулганаар Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталлаа.
Уг тогтоолыг батлах санал хураалтыг 13 дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы сүүлийн өдөр явуулсан байна. Санал хураалтыг шууд дамжуулсан “RTHK” телевизээр мэдээлснээр, тогтоолыг батлахыг 2895 төлөөлөгч дэмжиж, нэг гишүүн түдгэлзжээ.
Тогтоолд заасны дагуу хуулийн төслийг БХАТИХ-ын Байнгын хороо боловсруулж, Хонконгийн Үндсэн хуулийн 1, 2-р хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулна. Үүний дараа Хонконгийн Засгийн газар орон нутгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байна.
Сонгуулийн тогтолцооны шинэчлэл "Хонконгийн эх оронч засаглал" -ын зарчмыг хангахад чиглэгдсэн бөгөөд холбогдох хуулийн төслийг гуравдугаар сарын 5-ны өдөр эхэлсэн 13 дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы нээлтийн үеэр депутатуудад танилцуулжээ.
“South China Morning Post” сонинд мэдээлснээр, Бээжин Хонконгийн парламентын гишүүдийн тоог одоогийн 70-аас 90 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол засаг захиргааны тэргүүнийг сонгодог сонгогчдын коллегийн 1200 гишүүнийг 1500 болгож өргөжүүлж магадгүй байна. Түүнчлэн сонгогчдын коллегийн бүрэлдэхүүнийг шинэчлэхдээ дүүргүүдийн депутатуудын зөвлөлийн хяналтад байдаг 117 суудлыг энэ байгууллагаас хасахаар төлөвлөж байна. Эдгээр суудлыг одоо гол төлөв сөрөг хүчний идэвхтнүүд эзэлж байгаа бөгөөд тэд 2019 оны 11 дүгээр сард, Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын дараа дүүргийн зөвлөлийн сонгуульд итгэл төгс ялсан хүмүүс ажээ.