Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-03 18:13:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэжээ.  


Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нарын гаргасан хүсэлтийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн юм. 


Ингээд Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг ханган шийдвэрлэжээ. Учир нь, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд энэ оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаажээ. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 


Ташрамд дурдахад, Ж.Эрдэнэбатыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан юм. Харин Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар, хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих, Д.Түвшинжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Ганбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5  жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг.

                                                                                                                                                                                          Б.Мандуул

Связанные новости