Туркт хүний эрх зөрчигдөж байгаа талаар Блинкенд захидал илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-02 11:59:15

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын гишүүд Туркт хүний ​​эрх зөрчигдөж байгаа асуудалд анхаарал хандуулахыг хүссэн захидлыг Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд илгээжээ. 


Захидлыг Массачусетс муж улсаас Конгресст сонгогдсон Ардчилсан намын гишүүн Сет Мултоны цахим хуудаст даваа гарагт нийтэлсэн байна.


“Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Туркийн талаар баримтлах гадаад бодлогоо боловсруулж байгаа энэ үед тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы үед хүний эрх​​ зөрчигдсөн түгшүүртэй тохиолдлууд гарч байгаад анхаарал хандуулахыг бид танаас хүсэж байна. Ерөнхийлөгч Эрдоган болон түүний “Шударга ёс, хөгжлийн нам” хорь шахам жилийн турш эрх мэдлээ ашиглан Туркийн шүүхийн тогтолцоог сулруулж, улс төрийн холбоотнуудаа цэрэг, тагнуулын гол албан тушаалд тавьж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж, улс төрийн өрсөлдөгчид, сэтгүүлчид, цөөнхийн төлөөлөгчдийг хууль бусаар шоронд хорьж байна" гэж  Америкийн 170 гаруй хууль тогтоогч гарын үсэг зурсан уг захидалд дурджээ. 


2016 оноос хойш Туркт улс төрийн сөрөг хүчнийг дарахын тулд 80 мянга гаруй хүнийг баривчилсан эсвэл шоронд хорьсон бол 1500 гаруй төрийн бус байгууллагыг хаасан гэж Конгрессын гишүүд мэдэгджээ. Тэдний мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн дунд Төрийн департаментад ажиллаж байсан Туркийн гурван иргэн байгаа аж.


Захидалд гарын үсэг зурсан хууль тогтоогчид хүний ​​эрх зөрчигдсөн, "ардчиллын зарчмуудаас хазайсан" асуудлуудыг Вашингтон, Анкара хоорондын хоёр талын харилцаанд хөндөнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Конгрессын гишүүд эдгээр асуудлаар АНУ-ын дипломат ажилтнуудтай хамтран ажиллахаа амласан байна.


Связанные новости