Ноос, ноолуурын холбооны Баталгаажуулалтын албанд стандартын итгэмжлэлийн гэрчилгээ олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-10 18:58:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Итгэмжлэлийн төвөөс Монголын Ноос, ноолуурын холбооны дэргэдэх баталгаажуулалтын албыг Монгол Улсын стандартын дагуу итгэмжиллээ. Энэ нь ноос ноолуурын салбарын тохирлын үнэлгээний ажлыг хариуцан гүйцэтгэх итгэмжлэгдсэн байгууллагыг тодорхойлж, төрийн ажил, чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж буй үйл ажиллагаа болж байна.

Ингэснээр Монголын Ноос, ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын алба нь бүтээгдэхүүний баталгаажуулалтыг гүйцэтгүүлж ноолуурын үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ, Монголын Хаан Ширхэгт тэмдэг, Тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээг олгох юм.

Стандарт, хэмжил зүйн газраас Монголын Ноос, ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албанд итгэмжлэлийн гэрчилгээг гардуулах арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж,  Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболд, АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн зохицуулагч Т.Энхжаргал, тус төслийн ноос ноолуурын зөвлөх Ц.Хишигжаргал, Монголын Ноос, ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны дарга Б.Баясгалан нар оролцлоо.


Дэлхий нийтээр чанартай, гарал үүсэл нь тодорхой, байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэж байгаа өнөө цагт ноос ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчид тохирлын баталгаатай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилж байна. Энэ цаг үед монгол ноос ноолуурын онцлог, давуу талыг таниулах,  нэр хүндийг өргөж дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх нь чухал ач холбогдолтой юм.


Связанные новости