Европын хамгийн өндөр настай хүн халдварыг ялан дийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-10 15:47:39

ПАРИС. /BBC/. Европын хамгийн өндөр настай хүн болох Францын гэлэнмаа Люсиль Рэндон 117 насныхаа төрсөн өдрийн өмнөхөн “COVID-19” халдварыг ялан дийлжээ.


Андре гэлэнмаа нэрийг 1944 онд авсан түүний коронавирусний шинжилгээний хариу өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд эерэг гарсан боловч халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.


“Би халдвар авсан гэдгээ ч мэдээгүй” гэж Андре гэлэнмаа орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Францын өмнөд нутгийн Тулон хот дахь асрамжийн газарт амьдардаг түүнийг халдвар авсны дараа тусгаарласан бөгөөд одоо бүрэн эдгэрчээ.


Өдгөө хараагүй болсон, тэргэнцэр дээр суудаг Андре гэлэнмаа пүрэв гарагт төрсөн өдрөө тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байгаа ажээ. Тэрбээр энэ удаа ердийн үеийнхтэй харьцуулахад цөөн хүнтэй хамт баяраа тэмдэглэх гэнэ.


“Андре гэлэнмаад өвчнөөс айж буй байдал огт ажиглагдаагүй. Харин ч асрамжийн газрын бусад хүнд маш их санаа зовниж байсан. Мөн биеийн байдлынхаа талаар бус өдөр тутам хийдэг зүйлсийнхээ талаар асуудаг байсан. Тухайлбал, хоол идэх, унтах цаг өөрчлөгдөх эсэхийг лавлаж байсан” гэж асрамжийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дэвид Тавелла мэдээлжээ.


“1904 оны хоёрдугаар сарын 11-нд төрсөн Андре Гэлэнмаа нь Европын хамгийн өндөр настай хүн бөгөөд дэлхий дээр амьдарч буй хамгийн өндөр настай хоёр дахь хүн юм” гэж Геронтологийн судалгааны байгууллагын Дэлхийн хамгийн өндөр настай хүмүүсийн жагсаалтад тэмдэглэсэн байна. 

Связанные новости