Монако, Испани, Португалд суугаа Өргөмжит консулуудтай цахим уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-02-09 10:27:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-наас  Монгол Улсаас Монако, Испани болон Португалд суугаа Өргөмжит консулуудтай энэ сарын 8-нд цахим уулзалт зохион байгуулав.


Уулзалтаар Өргөмжит консулуудад Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Алсын хараа-2050”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” үндсэн зорилтууд болон 2019-2023 онд гадаад худалдаа, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх “Худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал” 5 жилийн төлөвлөгөөг танилцууллаа. Мөн “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, дээрх бодлогын баримт бичигт туссан зорилтуудын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.


Өргөмжит консулууд цахим уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулах, мэдээлэл солилцож байх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Связанные новости