Ж.Байден: АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээнүүдийг цуцлахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-08 09:17:12

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ираны засаг захиргаа ураны баяжуулалтаа 2015 онд байгуулсан цөмийн гэрээнд заасан түвшинд хүргэж бууруулахгүй бол тус улсын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахгүй гэж мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп АНУ-ыг “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” цөмийн гэрээнээс 2018 онд гаргасан бол Ж.Байден улс орноо уг гэрээнд эргэн нэгтгэх хүсэлтэй байгаагаа “CBS” сувагт ням гарагт ярилцлага өгөх үеэрээ илэрхийлсэн байна. 


Гэвч АНУ Ираныг хэлэлцээний ширээнд эргэн суулгахын тулд хориг арга хэмжээнүүдийг цуцлах эсэх талаарх асуултад Ж.Байден “Үгүй” гэж хариулжээ. Мөн “CBS” сувгийн нэвтрүүлэгч Нора О’Доннелл Техран гэрээнд зааснаас өндөр түвшинд уран баяжуулахаа юун түрүүнд зогсоох хэрэгтэй гэж хэлэхэд Ж.Байден толгой дохиж, санал нэг байгаагаа илэрхийлжээ.


Цөмийн гэрээний дагуу Иран ураны баяжуулалтаа 3.67 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой боловч 2019 оны дунд үеэс хойш 4.5 хувьд хүргэж, өнгөрсөн сараас 20 хувьд буюу гэрээ байгуулахаас өмнөх үеийнхтэйгээ ижил түвшинд хүргэж нэмэгдүүлээд байгаа юм. 

Связанные новости