Монгол, БНХАУ-ын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар тохиролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-ын Гадаад хэргийн Туслах сайд У Жянхаотай өнөөдөр цахим уулзалт хийв.
Цахим уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын хоёр талын харилцаа болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Дэлхий нийтийг хамарсан "COVID-19" цар тахлын нөхцөл байдалд ч Монгол, Хятадын харилцаа идэвхтэй байж, дээд өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлж, хамтын ажиллагааны голлох механизмуудын тогтвортой байдлыг хангаж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг харьцангуй идэвхтэй өрнүүлж, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Туслах сайд У Жянхао нар илэрхийлэв.
Хөрш орнууд нийтлэг сорилтыг хамтын хүч, харилцан уялдаатай үйл ажиллагааны үр дүнд даван туулах хамтын ажиллагааны үзэл санааг цаашид ч баримтлан хоёр талын хамтын ажиллагааг илүү идэвхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хүч чармайлт гарган ажиллахаа талууд илэрхийлж, 2021 онд түлхүү анхаарч ажиллах чиглэлүүдийн талаар ярилцав.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны механизмуудын уулзалт болон ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар тохиролцов.
Коронавирусний халдвар хоёр улсын хооронд тархахаас сэргийлэхэд чиглэсэн хүч чармайлтаа цаашид ч үргэлжлүүлсний үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлыг идэвхжүүлэх, хоёр улсын худалдаанд чухал үүрэгтэй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой байлгах, хэмжээг нэмэх болон ХАА-н бүтээгдэхүүн зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдааг дэмжих, нэр төрлийг нэмэхэд илүү ч анхаарч ажиллахаа нотлов.
Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудаар экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэх, Монголын баруун бүсээс түүхий мах экспортлох хоригийг цуцлах, Замын-Үүд-Эрээн боомтоор хийгдэж буй мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжин ажиллах хүсэлтийг манай талаас дэвшүүлснийг нааштайгаар судалж, холбогдох ажлыг хийхээ Хятадын талаас илэрхийлэв.