АНЭУ дэлхийн анхны сансрын шүүхийг байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДУБАЙ. /Ukrinform/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотын эрх баригчид дэлхийн тойрог замд гарч болзошгүй арилжааны маргааныг шийдвэрлэх сансрын шүүх байгуулахаар болсноо мэдэгдлээ.
Энэ тухай Дубайн Олон улсын санхүүгийн төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна. 2021 онд Дубайн Олон улсын санхүүгийн төв (DIFC), Дубайн ирээдүйн сангийн (DFF) шүүхүүд хамтран сансрын маргааныг шийдвэрлэх “Ирээдүйн шүүх” шинэ санаачилгыг эхлүүлнэ гэж мэдэгдэлд онцолжээ.
Арбитрын шинэ шүүх нь хиймэл дагуул худалдаж авах эсвэл төхөөрөмжүүд хоорондоо мөргөлдөх зэрэг хувийн компаниудын сансарт явуулж буй үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дагнана гэж мэдээлж байна.
Дээрх шийдвэрийг гаргахдаа сүүлийн жилүүдэд АНЭУ-ын сансар судлалын салбарт гарсан ахиц дэвшлийг үндэслэсэн гэж мэдээлэлд дурджээ.
Сансар огторгуй дахь олон улсын үйл ажиллагааг олон улсын конвенц, тогтоолууд, түүний дотор 1967 онд хүчин төгөлдөр болсон Сансрын тухай НҮБ-ын гэрээгээр зохицуулдаг. Зарим улс орнууд мөн сансрын үйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор хоёр талын болон олон талын гэрээ байгуулжээ.