Аун Сан Су Чи төрийн эргэлтийг эсэргүүцэхийг ард түмэндээ уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. Мьянмарын эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын дарга, төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чи төрийн эргэлтийг эсэргүүцэхийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан ард түмэндээ уриаллаа.
“Цэргийнхний үйлдэл бол улс орныг дарангуйллын дэглэм рүү буцаах ажиллагаа юм. Би хүмүүсээс үүнийг хүлээж авахгүй байхыг хүсэж, хариу арга хэмжээ авч, цэргийн хүчээр засгийн эрхийг булаан авахыг чин сэтгэлээсээ эсэргүүцэхийг уриалж байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын дарга, Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чиг баривчилсан тухай “Reuters”, “France-Presse” агентлагууд өмнө нь эрх баригч намын хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээллээс иш татан уламжилсан юм.
Үүний дараа цэргийнхэн нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж байгаагаа мэдэгдэж, дэд ерөнхийлөгч Мьин Свег Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Үүний зэрэгцээ цэргийнхний мэдэлд байдаг телевизийн "Мьявадди" сувгаар эрх мэдэл Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Ааун Хлаинд шилжсэнийг мэдэгдсэн юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр, цэргийнхэн онц байдал зарлах шийдвэрээ саяхан явуулсан парламентын сонгуулийн дүнг луйвардсантай холбоотой гэж тайлбарласан байна.
"Myanmar Times" сонинд мэдээлснээр, цэргийнхэн мөн сонгууль явуулахаа зарлажээ.