АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Тайванийн төлөөлөгч анх удаа албан ёсоор уригджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Вашингтонд суугаа Тайванийн төлөөлөгч Сяо Биким (Сяо Мэйзинь) АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ёслолд анх удаа албан ёсоор оролцсон байна.
Сяо Биким 1979 оноос хойш тангараг өргөх ёслолд оролцох урилгыг албан ёсоор хүлээн авсан арлын анхны албан тушаалтан боллоо гэж Тайванийн төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Энэ нь АНУ-ын шинэ засаг захиргаа Тайбэйтэй ойр, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгааг харуулж буй дохио юм гэж ажиглагчид үзэж байна.
Түүхэн ба улс төрийн шалтгааны улмаас Тайванийн олон улсын тавцан дахь байр суурь төдий л тогтвортой бус байдаг. БНХАУ хүчирхэгжиж, гадаад байр суурь нь бэхжихийн хэрээр дэлхийн улс орнууд "нэг Хятад бодлого"-ынх нь шахалтад орж, Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, шинээр харилцаа тогтоохоос зайлсхийх болсон юм.
АНУ Тайваньтай 1979 онд дипломат харилцаагаа тасалжээ. Вашингтон "нэг Хятад" бодлогыг баримтлахын зэрэгцээ Тайбэйн засаг захиргаатай харилцаа холбоогоо үргэлжлүүлж, тус арлыг зэр зэвсгээр хангаж байгаа билээ. Хонконгийн нөхцөл байдлын улмаас Бээжинтэй харилцаа муудаж буйтай холбоотойгоор сүүлийн үед Цагаан ордон Тайваньтай харилцаа холбоогоо идэвхжүүлэх болсон нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж байгаа юм