Алексей Навальныйг суллахыг шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /AP/. Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйг ОХУ-ын эрх баригчид нэн даруй суллах ёстой гэж “Amnesty International” хүний эрхийн байгууллага мэдэгджээ.
“Алексей Навальныйг баривчилсан нь Оросын эрх баригчид түүнийг дуугүй болгохыг эрмэлзэж байгаагийн бас нэг нотолгоо юм. Түүнийг баривчилсан нь дээд түвшний албан тушаалтнуудын захиалгаар Навальныйг төрийн агентууд хордуулсан гэх хэргийг шалгах шаардлагатай гэдгийг л харуулж байна” гэж “Amnesty International” байгууллагын Москва дахь салбарын захирал Наталья Звягина мэдэгджээ. Түүний хэлснээр, ОХУ-ын эрх баригчид Навальныйгийн эсрэг кампанит ажлыг тусгайлан явуулж байсан бол одоо түүнийг "тэнсэн харгалзах ялын нөхцөлийг олон удаа зөрчсөн хэргээр" баривчилж байна.
Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг ням гарагт Германаас эх орондоо ирэхэд нь баривчилжээ. Өмнө нь үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн хэргээр түүнийг баривчилсан гэж ОХУ-ын Шийтгэл гүйцэтгэх газар мэдэгджээ. Шүүхийн шийдвэр гарах хүртэл түүнийг саатуулах аж.
Эргэн сануулахад Навальный өнгөрсөн оны наймдугаар сард Томск хотоос Москва руу буцах замдаа нисэх онгоцонд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Наймдугаар сарын 22-нд түүнийг Германы Берлин хотын эмнэлэг рүү шилжүүлсэн бөгөөд тус улсын эмч нар түүнийг хордуулсан гэж үзсэн юм.