Путин, Алиев, Пашинян нар Карабахын талаар шинэ шийдвэр гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-12 13:31:58

МОСКВА. /TASS/. Уулын Карабахын асуудлаар хийсэн ОХУ, Азербайжан, Арменийн удирдагчдын хэлэлцээ дөрвөн цаг орчим үргэлжилж, үр дүнтэй боллоо.


Уулзалтын үеэр гурван улсын шадар сайд нарын түвшинд ажлын хэсэг байгуулж, бүс нутгийн тээвэр, эдийн засгийн харилцаа холбоог хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцжээ. Ажлын хэсгийн анхны хуралдаан нэгдүгээр сард болох бөгөөд тодорхой төслүүдийн жагсаалтыг гуравдугаар сар гэхэд бэлэн болгох ёстой байна.


Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар даваа гарагт Москвад хүрэлцэн очсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэднийг Кремлийн ордны нэгдүгээр байранд хүлээн авч уулзжээ.


Гурван улсын удирдагчдын хэлэлцээ хаалттай болсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтыг нээж, үг хэлэхдээ  Уулын Карабахад гал зогсоох талаар гаргаж буй ОХУ-ын хүчин чармайлтыг нааштай хүлээн авч, Москвад айлчилсанд Алиев, Пашинян нарт талархал илэрхийлжээ. В.Путин мөн Уулын Карабахын асуудлаар 11 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан хэлэлцээрүүд "тууштай хэрэгжиж байгааг" онцлон тэмдэглэсэн байна. 


Алиев, Пашинян нар Уулын Карабахын мөргөлдөөнийг шийдвэрлэж, бүс нутгийн байдлыг тогтворжуулахад хүчин чармайлт гаргаж буйд, түүнчлэн гурван талын уулзалт зохион байгуулахыг санаачилсанд ОХУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ.


Связанные новости