Төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлснээр байрны үнэ буурах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улс гангаа боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангаснаар байрны үнэ буурах боломжтой гэдгийг "Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, боломж" эрдэм шинжилгээний хурлын үеэр мэргэжилтнүүд онцолж байна.
Манай улс жилдээ 500 мянган тонн орчим төмөрлөгийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо бий бөгөөд нийт зах зээлийн 20 хүрэхгүй хувийг дотоодын үйлдвэрлэгчид хангадаг байна. Дэлхийн банкны санхүүжүүлтээр Дархан Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг барьж байгуулах ажил эхэлснээр дотоодын хэрэгцээг хангах суурь болж буйг салбарынхан сайшааж байна.
“Монгол Улсын импортын 25 орчим хувийг төмөр хийц, тоног төхөөрөмж автомашин эзэлдэг. Төмөр хийцүүдээ үйлдвэрлээд эхэлбэл тэр хэрээр валютын урсгал зогсч, дотоодод шингэнэ. Үндсэн төмрөө хайлуулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл бүх төрлийн метал хийцийн үйлдвэрүүд хөгжих боломжтой. Гаднаас барилгын арматур авч байснаас дотооддоо хийвэл арматурын үнэ хамгийн багадаа 20 хувиар буурч байрны үнэ боломжит хувилбарт хүрнэ гэдгийг хэлэлцүүлгт оролцогсод онцлов.
Түүнчлэн төмөрлөгийн салбарыг хөгжүүлэх гарц нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал гэнэ. Манай улс төмрийн хүдрийн маш их нөөцтэй бөгөөд нэг тонныг 40 ам. доллараар гадагш нь гаргаж бэлэн бэлдэц төмрийг 450 ам. доллараар импортолж буйг мэргэжилтнүүд шүүмжлэв. Өөрөөр хэлбэл нэмүү өртөг бүхий дээрх мөнгөн урсгал 100 мянган орчим ажлын байр бий болгох боломжийг алдаж буй аж. Цаашид төмөрлөгийн үйлдвэр болох “Дархан”, “Бэрэн” компаниудад түшиглэн жижиг үйлдвэрүүдийг бий болгон эл салбарыг хөгжүүлэх боломжтой гэдэгт салбарынхан санал нэгдлээ.
Б.Заяа