Унгараас Монгол Улсад суух Элчин сайдын ИЖБ-ийн хувийг хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Унгар Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Борбала Обрушанскиг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Дэд сайд Б.Мөнхжин Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авч Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэв. Мөн Монгол, Унгарын улс төрийн харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйг дурдан цаашид хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.
Элчин сайд Борбала Обрушански Монгол Улсад ажиллах Элчин сайдаар томилогдсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов. Мөн хөдөө аж ахуй, усны менежмент зэрэг салбарт хэрэгжүүлэх төслийн саналаа танилцуулав.