“Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” санаачилгыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-10 08:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэдэх “Мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэгийн сүлжээ”-ний энэ оны ээлжит уулзалтыг нээж үг хэллээ.


Тэрбээр “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д тусгасан хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажлуудыг хэрэгжүүлэхэд “Мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэгийн сүлжээ” чухал үүрэгтэйг онцлохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” санаачлагыг товч танилцуулав.


Энэхүү санаачилгыг энэ оны аравдугаар сард болсон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хөдөө аж ахуйн хорооны 27 дугаар хуралдаан, тус байгууллагын Зөвлөлийн 165 дугаар хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна. Улмаар ирэх онд болох НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 42 дугаар чуулганаар уг санаачилгыг хэлэлцэхээр товложээ.


“Мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэгийн сүлжээ” нь дэлхийн даяар тархан суурьшсан уламжлалт мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэг, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлэх, тэдгээрийн дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх, эрх ашгийг нь хамгаалах ажил өрнүүлдэг байна.

Связанные новости