Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яамдын 9 дүгээр зөвлөлдөх уулзалт өнөөдөр цахимаар болов.
Уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг нар оролцсон юм. Энэ үеэр Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав.
Монгол, Вьетнамын дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “COVID-19” цар тахал намжсаны дараа өмнө нь төлөвлөж байсан дээд, өндөр түвшний айлчлал болон бусад ажлыг хэрэгжүүлэхээр тохиров.
Манай улс БНСВУ-ыг Зүүн Өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг хэмээн үзэж, харилцаагаа бүх талаар гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч ирснийг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тэмдэглээд цаашид хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэйг онцлов.
Түүнчлэн талууд олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.