Мадуро сонгуулийн өдөр Марадонагийн бэлэглэсэн "азын цаг"-ийг зүүжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БОГОТА. /TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын Үндэсний ассемблейн депутатуудыг сонгох өдөр Аргентины хөлбөмбөгчин Диего Марадонагийн бэлэглэсэн "аз авчирдаг” цагийг зүүсэн гэж мэдэгджээ.
"Өнөөдөр би Диего Армандо Марадонагийн надад бэлэглэсэн цагийг зүүсэн. Энэ цаг аз хийморь авчирдаг тул зүүсэн юм. Зөвхөн Мадурод төдийгүй манай улс оронд аз авчрахыг бэлгэдэж би энэ цагийг зүүлээ" гэж тэрбээр “Venezolana de Television” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна.
Венесуэлийн парламентын сонгуулийн санал авах байрууд ням гарагт орон нутгийн цагаар 06:00 цагт нээгдсэн бөгөөд 18:00 цагт хаагдах байсан боловч нэг цаг сунгасан байна. Венесуэлчууд 227 депутатыг сонгох ёстой юм. Парламентын суудлын төлөө 107 улс төрийн нам, хүчний 14 мянган нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.
Хуан Гуайдо тэргүүтэй тус улсын одоогийн Засгийн газрыг эсэргүүцэгчид сонгуульд бэлтгэх явцдаа зөрчил гаргасан гэж эрх баригчдыг удаа дараа буруутгаж, сөрөг хүчний 27 нам сонгуулийг бойкотолсон байна. Гэсэн хэдий ч эдгээр улс төрийн хүчний зарим төлөөлөгчид сонгуульд оролцжээ.