Майк Помпео Голаны өндөрлөгт айлчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /The Times of Israel/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Израил улсын эзлэн авсан Голаны өндөрлөгт пүрэв гарагт айлчилжээ.
"Энэ бол Израил, энэ бол Израилын нэг хэсэг бөгөөд Израилын төв нутгуудын нэг юм" гэж Америкийн дипломат байгууллагын тэргүүн Голаны өндөрлөгт айлчлах үеэрээ мэдэгдсэн байна. “Хэрэв Сирийн Ерөнхийлөгч Башар Асад энэ газрыг хянаж байсан бол Баруун болоод Израилд учрах эрсдэлийг төсөөлөөд үз дээ” гэж Помпео нэмж хэлжээ. Тэрбээр Голаны өндөрлөгийг Сирид буцаан өгөхийг уриалсныг няцаасан байна. Ийм уриалгыг "Европын бүлгэмүүд болон Америкийн элит байгууллагуудаас" тарааж байгаа гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын үзэж байгаа аж.
"Kan" радиогоор мэдээлснээр, айлчлалын үеэр Майк Помпеог Израилын Гадаад хэргийн сайд Габи Ашкенази дагалдан явсан байна. "Төрийн нарийн бичгийн даргад Сири, Ливантай залгаа Израилын хойд хилийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, мөн Иран улс Сирийн холбоотнууддаа болон "Хезболлах" хөдөлгөөнд хортой нөлөө үзүүлж байгаа талаар мэдээлэл өглөө” гэж тэрбээр твиттер хуудсандаа мэдээлжээ.
Майк Помпео пүрэв гарагт Иордан голын Баруун эрэг дэх еврейчүүдийн сууринд айлчилсан АНУ-ын анхны Төрийн нарийн бичгийн дарга болсон байна. Тэрбээр "Псагот" хэмээх дарсны үйлдвэрт зочлох үеэрээ еврейчүүдийн сууринд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг АНУ Израилд үйлдвэрлэсэн гэж үзнэ гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны гуравдугаар сарын 25-нд Вашингтон хотноо Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хийсэн хэлэлцээний хүрээнд Голаны өндөрлөг бол Израилийн нутаг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ. АНУ-ын дангаар хийсэн энэхүү үйлдлийг зөвхөн Сири төдийгүй Арабын болон лалын шашинт бусад улс орнууд, мөн Европын гол гүрнүүд, Герман, Франц зэрэг АНУ-ын холбоотнууд эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
1967 оныг хүртэл Сири улсын эзэмшилд байсан Голаны өндөрлөгийг израилчууд зургаан өдөр үргэлжилсэн дайны явцад эзлэн авчээ. 1974 онд Голаны өндөрлөгт НҮБ-ын энхийн сахиулагчдын харуулын цэгүүдийг байгуулсан байна.
Голаны өндөрлөгийн харьяаллын асуудал нь Израил-Сирийн зөрчилдөөнийг зохицуулахад учирч буй гол саад тодгор хэвээр байгаа юм. Энэ асуудлыг Сирид иргэний дайн эхлэхээс өмнө зохицуулахыг оролдож байв.