Хар тамхийг Монголоор дамжуулах гэмт хэрэг нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ2016 он гарсаар БНХАУ-д Монголын 6 иргэн хар тамхины хэрэгт холбогдоод байна. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр лавлав.
БНХАУ хар тамхитай хатуу тэмцэнэ гэдгээ зарласан. Тиймээс хар тамхины хэрэгт цаазын ял оноодог юм. Манай иргэд Хятадад явж байхдаа хар тамхины хэрэгт холбогддог байсан. Тэгвэл одоо Монголын хилээр дамжихдаа хар тамхи зөөвөрлөх гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдээд байна хэмээн Гадаад хэргийн сайд онцоллоо. Одоо БНХАУ-д нэг иргэн 15 жилийн ял сонсоод байгаа. Бусдынх нь хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна. Сүүлийн үед Монголын иргэдийг хар тамхи тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд ашиглах, татан оролцуулах болсныг анхааруулья. Ялангуяа 18-29 насны монгол залуус Эрээн хотод хар тамхины хэрэгт ихээр холбогдож байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.Тиймээс залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг БНХАУ-ын ЭСЯ болон Хөх хот, Хайлаарт байгаа консулын газруудад анхааруулсан гэж сайд сэтгүүлчдэд мэдээллээ.
Ж.Батсайхан