ХАМАС, ФАТХ хөдөлгөөнүүд бүрмөсөн эвлэрэхээр шууд хэлэлцээ хийж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-17 11:55:05

КАИР. /TASS/. Палестины ХАМАС болон ФАТХ хөдөлгөөний төлөөлөгчид олон жилийн дайсагналаа зогсоож, бүрмөсөн эвлэрэх зорилгоор Египетийн зуучлалтайгаар тус улсын нийслэл Каир хотод даваа гаргаас шууд хэлэлцээ хийж эхэлжээ.  


“Палестины хуваагдмал байдлыг зогсоох Египет улсын хүчин чармайлтын хүрээнд ФАТХ болон ХАМАС хөдөлгөөний төлөөлөгчид Каирт ирээд байна. Талууд бүрмөсөн эвлэрэх, мөн хууль тогтоох зөвлөлийн /парламент/ сонгуулийг, дараа нь ерөнхийлөгчийн болон Үндэсний зөвлөлийн сонгуулийг явуулахтай холбоотой асуудлыг Палестины бүх фракцтай зөвшилцөнө” гэж Египетийн дипломат эх сурвалж ТАСС агентлагт мэдээлсэн байна.


Шууд хэлэлцээ хийх бэлтгэл ажлыг 9 дүгээр сарын сүүлчээс хангаж эхэлжээ. Каирт эхлээд ФАТХ хөдөлгөөний төлөөлөгчид, дараа нь ХАМАС-ын Улс төрийн товчооны гишүүд айлчилсан байна. “Палестинчууд хоорондоо зөвшилцөлд хүрнэ гэж бид найдаж байна. Гэхдээ хамгийн чухал нь үүнийг газар дээр нь хэрэгжүүлж, хуваагдмал байдлыг эцэс болгох ёстой” гэж эх сурвалж хэлжээ.


2007 оны 7 дугаар сард ХАМАС хөдөлгөөн Газын зурвасыг эзлэн авсны дараа Палестины  нутаг дэвсгэр дээр хоёр Засгийн газар, хоёр Ерөнхийлөгч, хоёр Парламент байх болсон билээ. Харилцан дайсагналцах хоёр байгууллагыг эвлэрүүлэх гэсэн олон удаагийн оролдлого бүтэлгүйтэж байв.


2020 оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хамт Палестин-Израилын мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах төлөвлөгөөг санал болгосны дараа палестинчууд хоорондоо эвлэрэн нэгдэхийг уриалсан уриалга дахин хүчтэй дуулдаж эхэлжээ.


Связанные новости