АНУ-ын ойрын холбоотнууд Ж.Байдены ялалтыг хүлээн зөвшөөрч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа хэдий ч тус улсын ойрын холбоотнууд Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байденд баяр хүргэн утсаар ярьсаар байна.
Ж.Байдены багийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй түүнтэй мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Ирландын Ерөнхий сайд Майкл Мартин, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар утсаар ярьжээ.
Мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Ж.Байдентай утсаар ярьж, ялалт байгуулсанд нь дахин баяр хүргэсэн гэдгээ даваа гарагт мэдэгдсэн юм.
Харин Д.Трампын хувьд сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сонгуулийн будлианы талаарх батлагдаагүй мэдэгдлээ удаа дараа хийсээр байгаа юм. Мөн Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч МакКоннелл болон Конгресс дахь Бүгд найрамдах намын бусад өндөр албан тушаалтан мөн Ж.Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Мягмар гарагт Ж.Байден Д.Трампыг ийнхүү ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгааг “ичгүүргүй үйлдэл” хэмээн тодорхойлжээ.