Ильхам Алиев ОХУ-ын Төрийн тэргүүнээс уучлалт гуйжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-10 13:10:17

МОСКВА. /Aif/. Армени, Азербайжаны хилд Оросын нисдэг тэргийг харваж унагасантай холбоотойгоор Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үеэрээ уучлалт гуйжээ.


“Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, ойр дотныхонд Ерөнхийлөгч Алиев эмгэнэл илэрхийлэхийн сацуу шархадсан нисэгчийг хурдан эдгэрэхийг хүслээ” хэмээн мэдэгдэлд дурдав.


Алиев болсон ослыг золгүй явдал гэж үзэж буйгаа илэрхийлэхийн сацуу Оросын нисдэг тэргийг Арменийн Агаарын цэргийн хүчний нисдэг тэрэгтэй андуурсан тухай мэдэгдсэн байна. Энэ хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, буруутай этгээдүүдийг шийтгэхээс гадна амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, шархадсан нисгэгчид нөхөн төлбөр олгоход бэлэн буйг мөн мэдэгдэв. 


Даваа гарагт Азербайжантай залгаа хилийн ойролцоох Арменийн дээгүүр нисэж явсан Оросын “Ми-24” нисдэг тэргийг харваж унагажээ. Хөлгийн багийн хоёр гишүүн амь үрэгдэж, нэг хүн шархадсан байна. Азербайжаны Зэвсэгт хүчин Оросын нисдэг тэргийг андуурч харваж унагасныг Азербайжаны Гадаад хэргийн яам хүлээн зөвшөөрч, ОХУ-д нөхөн төлбөр олгоход бэлэн буйгаа мэдэгджээ. 

Связанные новости