Кэмбрижийн номын сан дахь түүхэн баримт, эх сурвалжуудаар “Чингис хаан” музейг баяжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хаан” монгол хаадын музей байгуулах, тус музейн үзмэрийн санг бүрдүүлэх Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Элчин сайд Н.Тулга энэ сарын 4-нд Кэмбрижийн их сургуульд зочиллоо.
Тэрбээр Корпус христи коллежийн захирал профессор Кристофер Келли, Паркер номын сангийн эрхлэгч Доктор Филиппа Хоскин, Монгол болон Өвөр Ази судлалын төвийн захирал, профессор Дэвид Снит нартай уулзав.
Уулзалтын үеэр Паркер номын санд хадгалагдаж буй Уильям Рубрукийн аялал болон Жон де Плано Карпинигийн аяллын тэмдэглэлийг үзэж сонирхон, Монголын түүх, өв соёлд хамаарах түүхэн баримт, эх сурвалжуудыг хуулбарлаж “Чингис хаан” монгол хаадын музейд байршуулах боломжийн талаар ярилцав. Түүнчлэн Паркер номын сангаас манай улсын Засгийн газарт тэмдэглэлүүдийн албан ёсны хуулбарын өмчлөх эрхийг баталгаажуулж өгөхөө мэдэгдээд байна.
Паркер номын сан нь Кэмбрижийн их сургуулийн өв соёлын хамгийн баялаг буюу дундад зууны болон сэргэн мандалтын үеийн гар бичмэл, номын чухал цуглуулгыг хадгалдаг Европ дахь хамгийн чухал номын сангийн нэг юм.