Америкчууд 59 дэх удаагаа Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчөө сонгох гэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. Мягмар гарагт АНУ-д 59 дэх удаагийн бүх нийтийн сонгууль болох гэж байна. Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчөөс гадна америкчууд Сенатын танхимын 35 гишүүнийг, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, 11 муж улс, хоёр нутаг дэвсгэрийн захирагч нарыг, мөн орон нутгийн засаг захиргааны удирдлагыг сонгоно.
Цагаан ордны төлөө Бүгд Найрамдах намаас АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Ардчилсан намаас тус улсын дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байден, Калифорни муж улсаас сонгогдсон сенатч Камала Харрис нар өрсөлдөнө. Нэр дэвшигчид сүүлийн нэг жил хагасын хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа явуулсан юм.
Энэ удаагийн сонгууль коронавирусний цар тахлын үед зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна. Нэр дэвшигчид аюултай халдварт өвчний дэгдэлтийн сөрөг үр дагаврыг арилгах ажлыг чухам бусдаасаа илүү хийж чадна гэж сонгогчдодоо мэдэгдэж амласан. Дональд Трамп хэрэв сонгуульд ялбал 2021 онд АНУ-ын эдийн засаг "пуужин шиг хөөрнө" гэж мэдэгдсэн бол Жо Байден дэд бүтэц, “ногоон” эрчим хүч, боловсрол, жижиг бизнесийг хөгжүүлэхэд хоёр их наяд ам.доллар гаргахаа амлажээ.
Гадаад бодлогын хувьд хоёр нэр дэвшигч хоёул русофобия буюу оросоос эмээх үзэл дунд өрсөлдөж байв. 10 дугаар сарын 22-нд Теннесси муж улсын Нашвиллд хотод болсон телевизийн сүүлчийн мэтгэлцээнд Байден Бүгд найрамдах намыг Москвад хэтэрхий зөөлөн хандаж байна гэж буруутгаж, Оросыг "Америкийн бүрэн эрхт байдлыг алдагдуулсных нь төлөө" шийтгэнэ гэж сүрдүүлсэн бол Трамп түүнээс өөр хэн ч ОХУ-ын эсрэг ийм хатуу хориг арга хэмжээ авч байгаагүй гэж мэдэгдсэн юм.
Цар тахлын үеийн сонгууль
Америкчууд өнөөгийн сонгуулийн кампанит ажлыг магадгүй түүхэн дэх хамгийн ер бусын гэж үзэж байна. АНУ-д 230 мянга гаруй хүний амийг авч одсон коронавирусний цар тахлын улмаас энэ удаагийн сурталчилгаа урьд хожид байгаагүй гэх тодотголыг авчээ. АНУ-д халдвар авсан хүний тоо 9 сая давсан байна. Цар тахлын улмаас сонгуулийн өмнөх сунгаа хагас хугас болж, намууд их хурлаа цахимаар зохион байгуулсны дээр хамгаалалтын маск зүүж, хоорондох зайгаа барих шаардлагын улмаас сурталчилгааны арга хэмжээ эрс цөөрчээ.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хувиар 14 муж улс болон Вашингтон буюу Колумбын тойргийн эрх баригчид сонгогчдын саналыг шуудангаар авахаар шийдсэн бөгөөд бусад муж улсууд санал хураах хугацааг сунгасан байна. Үүний үр дүнд 11 дугаар сарын 3 гэхэд сонгуульд оролцохоор төлөвлөж байсан америкчуудын талаас илүү хувь нь саналаа өгөх боломжтой болжээ. Флорида муж улсын их сургуулийн профессор Майкл Макдональдийн үүсгэн байгуулсан “US Elections Project” улс төрийн төслийнхний урьдчилан таамаглаж байгаагаар, санал өгөх эрхтэй 239.2 сая америкчуудаас 150 сая гаруй нь буюу 65 хувь нь сонгуульд оролцож магадгүй байгаа нь 1908 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ.
Диксвилл-Нотч хотоос Хавай, Аляск хүртэл
1960 онд тогтсон уламжлалын дагуу Нью-Хэмпшир муж улсын Диксвилл Нотч хэмээх жижигхэн хотын оршин суугчид АНУ-д хамгийн түрүүнд саналаа өгнө. Нэгэн цагт энэ тосгон олон оршин суугчтай байсан бол одоо тавхан хүн үлджээ. Мягмар гарагт шөнө дунд гармагц тэд саналын хуудсыг санал авах байранд бөглөнө.
АНУ-ын Зүүн эргийн цагаар 06:00 цагт /Улаанбаатарын цагаар 19:00 цагт/ Мэн, Коннектикут, Нью-Йорк, Виржиниа муж улсуудад санал хураалт эхлэх бөгөөд нэг цагийн дараа тус улсын зүүн хэсэгт орших бусад муж улсад санал авах байрууд нээгдэнэ. Хамгийн сүүлд Номхон далайн эрэгт Аляскийн санал авах байрууд орон нутгийн цагаар 07:00 цагт /Улаанбаатарын цагаар 01:00 цагт) ажиллаж эхэлнэ.
Америкийн Зүүн эрэгт санал хураалт орон нутгийн цагаар оройн 19 цагт /Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын 4-ний 08:00 цагт/ үндсэндээ дуусах бол Хавай арлын сонгогчид болон Алеутын арлууд, Адяк тосгоны оршин суугчид хамгийн сүүлд саналаа өгнө. Эдгээр газарт орон нутгийн цагаар 20:00 цагт (Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын 4-ний 14:00 цагт) сонгууль эхлэх юм.
Сонгуулийн өдөр санал авах байранд ариун цэврийн хатуу стандартыг мөрдөнө.
Сонгуулийн дүнг нэгтгэх ажил удааширч магадгүй байна
Энэ удаагийн сонгуулийн үеэр шуудангаар илгээсэн олон тооны саналын хуудсыг тоолоход ихээхэн хугацаа шаардагдаж болзошгүй учир санал хураалтын эцсийн дүн нэлээд хойшлогдоход хүрч магадгүй байна. "Сонгуулийн шөнө олон муж улсад санал хураалтын эцсийн дүн гарахгүй" гэж “The New York Times” сониныхон анхааруулжээ. Тус сонинд бичиж буйгаар, саналын хуудасны 98 орчим хувийг тоолж дууссаных дараах байдлаарх албан бус мэдээлэл 50 муж улсаас ердөө 8-д нь 11 дүгээр сарын 4-ний үд дунд гэхэд гарах аж.
Канзас, Кентукки муж улсуудад саналын хуудсыг 11 дүгээр сарын 6-ныг хүртэл, Аляскад 11 дүгээр сарын 13-ныг хүртэл хүлээн авах бөгөөд хамгийн хойд муж улсад шуудангаар явуулсан саналын хуудсыг тоолох ажил сонгуулийн өдрөөс хойш долоо хоногийн дараа эхлэх юм. Иллинойс муж улсад 11 дүгээр сарын 17-ноос өмнө шуудангаар ирсэн саналын хуудсыг хүчинтэйд тооцох бол 26 сая орчим сонгогч бүртгэгдсэн Калифорнид 11 дүгээр сарын 20 хүртэл саналын хуудсаа шуудангаар ирүүлэх боломжтой байна.
Муж улсын эрх баригчид гадаадад буй америкчуудын илгээсэн саналын хуудсыг оруулаад шуудангаар илгээсэн саналын хуудсыг 11 дүгээр сарын 23 хүртэл тоолох ёстой. 12 дугаар сарын 12-ны дотор муж улс бүрт санал хураалтын дүнг баталж, сонгогчдын коллегийн гишүүд 12 дугаар сарын 14-нд саналаа өгөх ёстой байна. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Конгрессын хоёр танхимын хамтарсан хуралдаанаар сонгогчдын коллегийн санал хураалтын дүнг батлах бол шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болно.