Гүржийн сөрөг хүчнийхэн Тбилисийн төвд жагсаал хийхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-01 12:44:07

ТБИЛИСИ. /TASS/. Парламентын сонгуулийн урьдчилсан дүнтэй санал нийлэхгүй байгаа Гүржийн сөрөг хүчнийхэн 11 дүгээр сарын 1-ний ням гарагт буюу өнөөдөр Тбилиси хотын төвд эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалжээ.


“Маргааш /11 дүгээр сарын 1/ 16 цагт Гүржийн ард түмнийг Тбилисийн Руставели төв өргөн чөлөөнд хүлээж байна. Энэ бол сонгууль биш, дайн байсан, бид энэ дайнд ялагдаагүй” гэж сөрөг хүчнүүдийн удирдагчдын нэг, “Үндэсний хөдөлгөөн” намын гишүүн Ника Мелия мэдэгдсэн байна.


Бямба гарагт болсон парламентын сонгуулийн санал хуудсын 39.98 хувийг тоолсны дараах байдлаар Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” нам 50.93 хувийн санал авчээ. Хоёрдугаарт 24.68 хувийн санал авсан “Үндэсний хөдөлгөөн” явж байна. Үүний зэрэгцээ “Гүржийн мөрөөдөл” намаас нэр дэвшигчид нэг мандаттай 30 тойрогт бүгдэд нь тэргүүлж байгаа аж. Сонгуулийн төв хорооны дарга Тамар Жваниаг урьдчилсан дүнг танилцуулсны дараа сөрөг хүчний хэд хэдэн нам Ника Мелиягийн сонгуулийн штабад цугларсан байна. Сөрөг хүчнийхэн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгөө хэлэлцэж, сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгджээ.


Гүржийн парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан байна. Пропорционал тогтолцоогоор 120 депутатыг, мажоритар тогтолцоогоор 30 депутатыг сонгожээ. Парламентын 150 суудлын төлөөх өрсөлдөөнд 48 нам, улс төрийн хоёр эвсэл оролцсон байна. Гүржид 3.5 сая гаруй иргэн санал өгөх эрхтэй бөгөөд тэдэнд зориулж 3800 гаруй санал хураах байр нээжээ. Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, санал хураах байрууд хаагдах үед сонгуулийн ирц 56.11 хувьтай байсан байна.


Связанные новости