АНУ-ын цэргүүдийг Японд байлгах зардлын талаар хэлэлцээ хийж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-16 13:15:19

ТОКИО. /Kyodo/. АНУ-ын цэргийн баазуудыг Японы нутаг дэвсгэрт байрлуулах зардлыг хуваах асуудлаарх хэлэлцээг хоёр улсын Засгийн газар эхлүүлжээ.


Талууд Токио, Вашингтоны зардлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх 2021 оны санхүүгийн жилээс таван жилийн хугацаанд хуваах асуудлыг хэлэлцэх аж. Үүний зэрэгцээ хоёр улсын Засгийн газар мөн цэргийн баазуудын зардлыг нэг жилээр төсөвлөх гэрээ байгуулах хувилбарыг хэлэлцэнэ. Эдгээр асуудлыг 11 дүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа идэвхтэй хэлэлцэх төлөвтэй байна гэж “Kyodo” агентлаг мэдээлсэн байна.


Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах асан Жон Болтон дурсамжийн номдоо, 2019 онд Америкийн цэргүүдийг Японд байлгах зардалд Вашингтон Токиогоос одоогийнхоос 4.4 дахин их буюу 8 тэрбум ам.долларыг жил бүр хуваарилахыг шаардсан гэж бичжээ. Хэрэв зардлаа нэмэгдүүлэхээс татгалзвал Америкийн цэргүүдийг Японоос бүрэн гаргана гэж сүрдүүлэхийг  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп туслахдаа тушаасан гэж уг номд бичсэн байна.


2020 оны санхүүгийн жилд /2021 оны гуравдугаар сарын 31-нд дуусна/ Америкийн цэргүүдийг Японд байлгах зардал 199.3 тэрбум иен буюу одоогийн ханшаар 1.8 тэрбум гаруй ам.доллар болж байгаа аж. Японы тал АНУ-ын цэргийн баазуудтай холбоотой нийтийн аж ахуйн үйлчилгээний бүхий л төлбөрийг төлж, япон ажилтнуудын цалинг тавьдаг байна.


Связанные новости