Кубад авсан хориг арга хэмжээг цуцлахыг АНУ-д уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭНЬЮ-ЙОРК. /Reuters/. Кубад авсан эдийн засгийн хориг арга хэмжээг түргэн цуцлахыг тус улсын Ерөнхийлөгч Раул Кастро НҮБ-д анх удаа үг хэлэхдээ АНУ-д уриаллаа.
Тэрбээр 2000 оноос хойш НҮБ-д үг хэлсэн Кубын анхны удирдагч боллоо. Түүний ах Фидел Кастро 2000 онд НҮБ-д үг хэлж байсан юм.
Куба болон АНУ дипломат харилцаагаа эргэн сэргээснийг Кастро “чухал дэвшил” гэжээ. Тус хоёр улс 54 жилийн дараа энэ оны долдугаар сард ЭСЯ-даа харилцан эргэн нээсэн билээ.
Раул Кастрогийн хэлснээр, эдийн засаг, худалдаа болон санхүүгийн хориг арга хэмжээ нь Кубын эдийн засгийг хөгжүүлэхэд саад болж буй гол хүчин зүйл аж.
Кубад авсан хориг арга хэмжээг цуцлахыг АНУ-ын конгрессын олонх Бүгд найрамдах намынхан эсэргүүцэж байгаа юм.
Хориг арга хэмжээг цуцлахыг АНУ-д уриалсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 20 гаруй жилийн өмнөөс жил бүр баталсаар ирсэн билээ.
Г.Доржханд
Комментарии