Эко автобус иргэдэд үйлчилж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн 3.2.2 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хотын төвийн автобусны буудлыг шинэчилж, нийтийн тээврийн үйлчилгээнд Эко автобусны үйлчилгээг нэвтрүүллээ.
Эко автобус нь 22 хүний суудалтай, нэг удаагийн цэнэглэлээр 80-100 км явах хүчин чадалтай. Өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд тогтсон маршрутын дагуу том хүнээс 300, хүүхдээс 100 төгрөгийн төлбөр авч үйлчлэх юм байна.
Энэхүү эко автобус нь шатахуун зарцуулдаггүй, 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд агаар хөрс, орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй байх юм.
Баянхонгор хот нь “Эко Баянхонгор“ төслийн хүрээнд хотын өнгө үзэмжийг сайжруулах, ард иргэдийг нийтийн тээврээр ая тухтай үйлчлүүлэхэд анхаарч орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэвшилтэт стандартад нийцсэн автобусны зогсоолуудыг барьж байгуулсан байна. Мөн тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн боловсрол, амьдралын зөв хэв маягийг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор дэлхий нийтээр хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилт"-ыг нийтийн тээврийн буудалд байрлуулжээ.






