Легницийн тулалдааны 780 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНПУ-ын Легницке Поле гминад Монголыг сурталчлах хэсэг байгуулж, энэ сарын 8-нд нээжээ. Уг хэсгийн нээлтэд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж оролцсон байна.
Энэ үеэр Легницийн тулалдааны 780 жилийн ойг ирэх оны 6 дугаар сард тэмдэглэх тухай, ойн хүрээнд хийх ажлын талаар Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ болон Легница Поле гмин санамж бичиг байгуулжээ. Мөн Варшавын их сургуулийн Доктор А.Барея “Монголчууд: Азиас Европ руу 13-21 дугаар зуунд” сэдвээр лекц уншсан байна.
Легницке Поле гминад байгуулсан Монголыг сурталчлах хэсэг нь Легницийн тулалдааны 780 жилийн ойд бэлтгэх ажлыг хариуцах юм. Ойн үер 1241 оны тулалдааны үйл явцыг харуулсан театрчилсан үзүүлбэрийг зохион байгуулна. Энэ үзүүлбэрийг Польшийн тал жил болгон зохион байгуулдаг хүрээг нь улам бүр тэлэхээр зорьж буй юм. Үүнээс гадна Легницийн тулалдааны сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийж, үзэсгэлэн нээх, урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нээлтийн үеэр Элчин сайд Б.Дорж Легницке Поле гмина дах Легницийн тулалдаанд зориулсан музейтэй танилцсан бөгөөд Польшийн тал музейгээ шинэчлэн, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан дүрс бичлэг, үзүүлэн бэлтгэж, тайлбарыг Монголын үзэгчдэд зориулан монгол хэлээр бэлтгэсэн байна.