Монгол Улсад ирэх зайлшгүй шаардлагатай гадаадын иргэдэд виз олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-07 18:19:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, бизнесийг сэргээх үүднээс Монгол Улсад ажлаар богино хугацаагаар ирэх зайлшгүй шаардлагатай гадаадын иргэдэд албан болон бизнес ангиллын виз олгох болжээ.


Визийг маргааш буюу энэ сарын 8-наас олгох бөгөөд гадаадын иргэд Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сахина гэдгийг ГХЯ-ны Консулын газраас өнөөдөр мэдээлэв. Тодруулбал:


- Гадаадын иргэдийг тусгаарлах зориулалтаар ашиглаж буй зочид буудалд 21 хоног тусгаарлаж, холбогдох зардлыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс гаргуулах,


- Бизнес /В/ ангиллын визээр ирсэн иргэний визийг Гадаадын иргэн харьяатын газар 30 хүртэл хоногоор 1 удаа, Дипломат /D/, албан /А/ ангиллын визийг ГХЯ-ны Консулын газар 30 хүртэл хоногоор 1 удаа буюу тухайн иргэн Монгол Улсад дээд тал нь 60 хүртэл хоног байх боломжтой,


- Нислэгт хамрагдахаас өмнө "COVID-19" PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан байх ёстой.


Дээрх ангиллын виз олгох хүсэлтийг уригч байгууллага, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын виз олгох журмын дагуу ГХЯ-ны Консулын газарт хандан гаргах юм.


"COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 27-ноос хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд гадаадын иргэдэд бүх төрлийн богино хугацааны виз олгох ажлыг зогсоогоод байсан юм.

Связанные новости