Дэлхийн 160 орноос Монгол руу мөнгө гуйвуулах боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол шуудан" ХК-ийн салбарууд дэлхийн 160 гаруй орны шуудангийн 400 мянган гаруй салбараас мөнгө хүлээн авах, гуйвуулж шилжүүлэх боломж нээгдэж байна.
Энэ нь монгол иргэд голлон оршин сууж ажиллаж, амьдарч буй БНСУ, АНУ, ОХУ, Австрали, Их Британи, Европын орнуудаас гадна мөн дэлхийн 60 улсаас мөнгө хүлээн авах боломжтой аж.
Тодруулбал, "Монгол шуудан" ХК олон улсын "Eurogiro" байгууллагын "Санхүүгийн супермаркет" системд холбогдож, олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлж эхэлснийг "Монгол шуудан"-гийн удирдлага өнөөдөр Төв шуудангийн байранд танилцууллаа. "Eurogiro" байгууллага нь дэлхийн 50 улс, санхүүгийн байгууллагын 500 мянган салбар, нийтдээ 4 тэрбум хүнийг төлбөр тооцооны дэд бүтцээр холбодог байна.
Компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар хэлэхдээ, "Бид "Eurogiro"-гын "Санхүүгийн супермаркет" системд холбогдсоноор PostalPay буюу шуудангийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээг гадаадаас иргэддээ хүргэх боломжтой болж байна.
Өнөөдөр уламжлалт шуудангийн үйлчилгээ буурч байна. Орчин үед шуудангийн үйлчилгээний орлогыг төрөлжүүлэх, ингэснээр улмаар санхүүгийн үйлчилгээг өөрөө үзүүлдэг болох зорилго тавигдах болсон. Энэ стратеги манай хувьд бодитоор хэрэгжиж эхэлж байна" гэдгийг онцоллоо. Улмаар цаашид "Ард кредит ББСБ" ХК-тай хамтран ирэх оноос дэлхийн бүх орон руу мөнгө илгээх үйлчилгээг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дуулгалаа.
Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний нээлт дээр "Монгол шуудан" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, "Ард кредит ББСБ" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, "Ард санхүүгийн нэгдэл"-ийн захирал Ч.Ганхуяг нар БНСУ руу цахимаар холбодож тэнд суугаа монгол иргэд болон компанийн төлөөлөгч рүү мөнгө гуйвуулж үзүүллээ. Ингэхдээ мөнгөн гуйвуулгын үйлчилгээний төлбөрийг цахим картаар болон төлбөрийн ямар ч хэлбэрээр хийж болно гэдгийг танилцууллаа.
Олон улсын шуудангийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эхний ээлжинд "Централ Тауэр" төвийн "Ард-шуудан"-гийн хамтарсан салбар төв болон Төв шуудан дахь салбарт нэвтрүүлэн үзүүлж эхэллээ. Цаашид нийслэл хот, аймгийн төвүүдийн салбараар үзүүлэн үйлчилгээгээ тэлнэ гэдгийг мэдээллээ. Ингэснээр манай улсын иргэд БНСУ, АНУ, Европын орнууд зэрэг монголчууд амьдарч, ажиллан оршин суугаа орнууд руу эх орныхоо өнцөг булан бүрээс мөнгө гуйвуулж хүлээн авах боломжтой болж байна.
Тодруулга: PostalPay нь нэг шуудангаас нөгөө шуудан руу мөнгө илгээх найдвартай бөгөөд хурдан шуурхай арга юм. Шуудан нь улс бүрд байдаг тул мөнгө илгээх, хүлээн авах хамгийн хялбар арга аж. Гүйлгээ хийх буюу мөнгө гуйвуулахдаа нэг удаад хамгийн ихдээ 500 евро болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг шилжүүлэх боломжтой.
Гэрэл зургийг Н.Батбаяр