Хонконгийн шүүх сургуулийн сурагчид 40 сарын шоронд хоригдох ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-25 15:39:17

ХОНКОНГ /СЯНГАН/. /The Standard/. Өнгөрсөн оны 7 дугаар сард болсон эмх замбараагүй байдалд оролцсонтой нь холбогдуулан Хонконгийн шүүх 17 настай сургуулийн сурагчид 3 жил, 4 сарын шоронд хоригдох ял оноожээ.


Тухайн үед 16 настай байсан сурагчийн хоёр цагдааг зодсон хэрэгт буруутай нь тогтоогджээ. Засгийн газрыг эсэргүүцсэн хэсэг бүлэг жагсагч худалдааны төвд цагдаа нарыг бүсэлж, тэдэн рүү шүхэртэй халджээ. Энэ халдлагад оролцсон 24 болон 51 настай хоёр этгээдэд тус бүр 4 жил шоронд хоригдох ял оноосон байна. Ялын тогтоолыг зарлаж байх үедээ шүүгч тэдний үйлдлийг харгис, хэрцгий гэжээ.


Хонконгт хууль зөрчигчдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх боломж олгох хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн оны зургадугаар сард эхэлж, эмх замбараагүй байдал дагуулсан билээ. Хэдийгээр төслийг Хууль тогтоох зөвлөлөөс албан ёсоор эргүүлэн татсан ч сөрөг хүчнийг дэмжигчдийн жагсаал 11 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилж, зам хаах, галдан шатаах, эвдэн сүйтгэх зэрэг эмх замбараагүй байдал үүссэн юм.  


Нэг жилийн дотор цагдаа нар нийт 9 мянга орчим хууль зөрчигчийг саатуулжээ.Тэдний дунд сургуулийн сурагч, оюутнууд цөөнгүй байсан аж. 

Связанные новости